Улсын онцгой комиссын хуралдаанаар Цагаан сарын өдрүүдэд /Цагаагчин үхэр жилийн сар шинийн баяр/ буюу хоёрдугаар сарын 11-нээс 23-ны өдөр хүртэл 12 хоног нийслэлийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болсон билээ.

Үүнтэй холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн галын эрсдэлээс хамгаалах талаар анхан шатны зөвлөмжийг та бүхэнд хүргэе.

ШАЛГАХ ХУУДАС: /шалгах хуудсыг хэвлэж авах боломжтой/

АЖИЛТАН БҮР АЖЛЫН ШИРЭЭНИЙ ЭМХ ЦЭГЦ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ. ҮҮНД:

  • Компьютер, принтер, сканер, суурин утас, нэмэлт гэрэл болон гэрэлтүүлэгч, утас цэнэглэгч кабел зэрэг бусад цахилгаан барааг цахилгаан эх үүсвэрээс салгах, хадгалах горимын дагуу хадгалах,
  • Сүүлийн 2 сар ашиглаагүй хувийн болон ажилтай холбоотой эд зүйлсийг далд аюулгүй байдалд хурааж хадгалах, шаардлагагүй бол хаях,
  • Илүү ажлын хувцас, дүрэмт хувцас, биеийн тамирын хослол болон гутал, шатамхай материалтай хувцас болон уут торыг галын эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж хувцас хадгалах локерт хадгалах,
  • Хувийн үнэтэй эд зүйлсийг ажлын байранд үлдээхгүй байх.

АЖЛЫН ӨРӨӨНИЙ ЭМХ ЦЭГЦ БОЛОН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД:

  • Кофе чанагч болон ус буцалгагчийг цахилгаан эх үүсвэрээс салгах, хадгалах горимын дагуу байршуулах,
  • Проектор болон түүнтэй холбоотой цахилгаан тоног төхөөрөмжийг унтраах, цахилгаан эх үүсвэрээс нь салгах, шалгах, хадгалах горимын дагуу байршуулах,
  • Гэрэл, гэрэлтүүлэгч болон нэмэлт гоёлын гэрлийг унтраах, тогноос салгах,
  • Ажлын байрны хоолны зааланд илүү хоол хүнс байгаа эсэхийг шалгах, хаягдал хоол унд үлдээхгүй байх, гаазтай ундаа болон хөгцрөх хоол хүнсийг үлдээхгүй байх,
  • Ажлын байрны гал тогооны өрөөнд плитка болон ус буцалгагч унтраасан эсэхийг шалгах, газан плиткаг шалгах.

БАЙГУУЛЛАГЫН ОРЧИН ТОЙРОНД ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, АНХААРАХ НЬ:

  • Цахилгаан тоног төхөөрөмжүүдийг унтраах,
  • Хүчдэлийг салгах,
  • Гаднах байгууламжийн гэрэл гэрэлтүүлгийг шалгах,
  • Галын дохиоллын хэвийн ажиллагааг шалгах,
  • Хяналтын камер, халдагчдыг илрүүлэх систем бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг шалгах,
  • Галын аюулгүй байдлын систем ба тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн, ажиллагаатай байгаа эсэхийг шалгах,
  • Засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд түүнд хяналт тавих,
  • Галд өртөмтгий, шатамхай материалыг зайлуулах эсвэл зохих ёсоор нь хадгалах,
  • Бараа материалын ашиглалтын хугацааг хянаж, муудаж болзошгүй материалыг устгалд оруулах,
  • Хаалга, цонхыг хаах, шалгах,
  • Аюулгүйн гарцыг шалгах.

Дээрх хугацаанд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж байгаа тул ажлын байрыг хоосон үлдээж буй тохиолдолд дээрх зөвлөмж болон тухайн байгууллага өөрийн дотоод дүрмийн дагуу аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ

Барилга байгууламжийг галын аюулгүй шаардлагыг бүрэн хангасан зураг төслийн дагуу угсрах, түүнийг ашиглалтад хүлээн авах шаардлагатай

Аваарын шат гарцыг байнга чөлөөтэй байлгах, аваарын гэрэлтүүлэг байршуулах, тэмдэг тэмдэглэгээ тавих, мөн аваарын зураг схем байршуулах шаардлагатай

Тог цахилгаан болон бусад тоног төхөөрөмжийн хэвийн ажиллах горим ба аюулгүй ашиглалтыг хангах

Гал автоматикийн систем суурилуулж ашиглах, найдвартай ажиллагааг нь хангах

Галын гадна ба дотуур усан хангамжийн хэвийн ажиллагаа ба ашиглалтын бэлэн байдлыг хангах,

Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн иж бүрдлийг нормативын дагуу тоноглох арга хэмжээг зайлшгүй гүйцэтгэнэ.