Мэдээ
Хүүхдэдээ заавал ойлгуулах аюулгүйн дүрмүүд
Холбоо барих мэдээллээ цээжлүүлэх
Та хүүхдүүддээ холбоо барих үндсэн мэдээллийг зааж өгснөөр онцгой байдлын үед тэдэнд болон бусад томоохон тусламж болдог. Өөрсдийн бүтэн нэр, аав, ээжийн нэр, утасны дугаар, яаралтай үед холбоо барих хүний мэдээлэл гэх зэргийг заавал цээжлүүлээрэй.
Танихгүй хүнтэй хаашаа ч явж болохгүй, танихгүй хүнээс юу ч битгий ав
Хүүхдэдээ танихгүй хүний өгсөн эд хэрэглэл, идэх зүйлсийг хэзээ ч авч болохгүй гэдгийг ойлгуулах нь маш чухал. Хэдий анхаарал татам тоглоом, амттай чихэр байсан ч эелдгээр татгалзахыг зааж өгөөрэй.
Мөн яаралтай гэнэтийн үед хэзээ ч хүүхдийнхээ танихгүй хүнийг цэцэрлэг, сургуулиас нь тосуулахаар явуулахгүй гэдгийг ярилцаж ойлгуулаарай. Хэрвээ танихгүй хүн гоё тоглоом, ээж аавын нэрийг барьж хуурах гэж оролдвол эргэн тойрны хүмүүсээс тусламж гуйхыг зааж сургах хэрэгтэй. Энэ нь олон төрлийн эрсдэлээс сэргийлэх болно.
Замын аюулгүй байдал
Хүүхдүүдийн гэмтлийн гол шалтгаануудын нэг нь замын хөдөлгөөн байдаг. Тиймээс хэд хэдэн дүрмийг зайлшгүй зааж өгөөрэй.
- Зам хөндлөн гарахдаа эхлээд зүүн, дараа нь баруун тийшээ харах
- Зам хөндлөн гарахдаа том хүнтэй хөтөлж гарах, эсвэл баруун гараа өргөж гарах
- Замын дэргэд битгий гүй
- Явган хүний замгүй замаар явж байгаа бол үргэлж эргэн тойрноо ажиглаж явах
- Замын тэмдэг, гэрлэн дохионы ач холбогдлыг мэдэх, сурах
- Машинаас буухдаа зөвхөн замын баруун талруу буух, машин/автобусны ар талаар тойрч гарах
- Унадаг дугуй, скутер, скейтборд унахдаа үргэлж хамгаалалтын малгай өмсөх.
Кибер аюулгүй байдлын мэдлэгийг аль болох бага наснаас нь эхлэн ойлгуулах хэрэгтэй.
- Сошиал медиад гэрийн хаяг, утасны дугаар, сурдаг сургуулийн талаар хуваалцахгүй байх
- Танихгүй хүний найзын хүсэлт, мсж зэргийг авахгүй байх
- Хувийн мэдээллээ онлайнд хуваалцаж болохгүй
- Хэрвээ онлайнд таагүй үйлдэл гарсан тохиолдолд эцэг, эх, багш гэх мэт итгэлтэй хүмүүстээ мэдэгдэх
Чиний бие бол зөвхөн чинийх
Хүүхдэдээ чиний бие бол зөвхөн чинийх, хэн ч түүнд хүрч болохгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Энэ төрлийн ярианд нас хамаагүй бөгөөд аль болох багаас нь ойлгуулах нь илүү үр дүнтэй. Мөн хайртай дотнын хүмүүс л бие биенээ үнэсэж болохоос өөр хүн үнэсэх ёсгүйг, хэн нэгэн тухгүй, өөрт нь таалагдахгүй үйлдэл гаргавал ээж, аав, эмч, багш гэх мэт итгэлтэй хүмүүстэй заавал хэлж байхыг заагаарай.