Мэдээ
Жолооч нарын хамгийн их зөрчдөг жолооны дүрмүүд
Жолооч нарын санаатайгаар зөрчсөн дүрэм түгжрэл, стресс бухимдал үүсгэхээс гадна хамгийн том ослыг ч дагуулах эрсдэлтэй байдаг. Бидний зарим нь байнга дүрмээ зөрчиж, зарим нь өөрийн мэдэлгүй, бүр өөр нэг нь аргагүй байдал гэж хаацайлан жолооны дүрмээ зөрчсөөр яваа. Тэгвэл жолооч нарын хамгийн их зөрчдөг дүрмүүд юу вэ?
Уулзвар гацаатай үед нэвтрэх
12.2 Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно. Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм
Жолооны курсын суралцагчидад цагаан дээр хараар ингэж заадаг ч бидний ихэнх үүнийг мөрдөггүй нь харамсалтай. Ердөө ганцхан минут хэмнэх гэж түгжрэл үүссэн уулзвар руу дайрж, бусад урсгалын хөдөлгөөнийг зогсоодог аминч зангаа больж дүрмээрээ явж хэвшицгээе.
Урсгал сөрж гүйцэж түрүүлэх
11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
11.4. Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно.
11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
Түгжрэлтэй үед жолооч нарын дүрэм зөрчих байдал ихэсдэг бөгөөд энэ нь ихэвчлэн цаг хэмнэх зорилготой байдаг. Гэвч эсрэг урсгалд орох нь өөрийгөө төдийгүй, бусдын амь нас эрүүл мэндэд ноцтой заналхийлж буй үйлдэл юм. Мөн энэ нь ердөө ч сүйхээтэй, сэргэлэн байдал биш гэдгийг ойлгоорой.
Дохио өгөхгүй эргэх
9.7. Жолооч хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, эргэх, зогсохын өмнө тээврийн хэрэгслийн эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар тухайн чигт хандсан дохио өгнө.
9.8. Гараар өгөх дохиог бусад хөдөлгөөнд оролцогчдод сайтар харагдахуйц байдлаар гүйцэтгэнэ. Зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн гараа хажуу тийш чигээр нь сунгах буюу баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө. Баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа хажуу тийш чигээр нь сунгах буюу зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө.
9.9. Чиг заах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно. Харин уг дохиог гараар өгсөн бол үйлдлээ эхлэхийн өмнө дуусгаж болно.
Тээврийн хэрэгслийн гэрэл дохио таныг болон бусдыг олон эрсдэлээс сэргийлдэг.
Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гүйцэж түрүүлэх
13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно:
а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал;
б/ урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд;
в/ урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед;
г/ араас яваа тээврийн хэрэгсэл өөрийг нь гүйцэж түрүүлэхээр үйлдлээ эхэлсэн үед;
д/ гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд.
13.3. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна.
13.4. Дараахь газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно:
а/ уулзвар болон гарц дээр;
б/ явган хүний гарц дээр;
в/ хороолол болон сургууль орчмын бүс дотор;
г/ төмөр замын гарам дээр болон түүнд хүртэл 100 м-ээс ойр зайд;
д/ гүүрэн дээр болон доор;
е/ хонгил дотор;
ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт.
13.5. Жолооч явган хүний гарцын өмнө гүйцэх үйлдэл хийхдээ энэ дүрмийн 16.3-т заасныг баримтлах бөгөөд мөн хороолол, сургууль орчмын бүс дотор болон 1.19 тэмдгээр анхааруулсан замын хэсэгт гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч явж байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.
13.6. Нэг эгнээнд урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед түүний зүүн гар талаар, баруун гар тийш дохио өгч байгаа үед түүний баруун гар талаар орж гүйцэхийг хориглоно.