Бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Энэ удаагийн нийтлэлээр  барьж буй барилга байгууламж, барилгын материал зэрэг барилгын ажилд ашиглагдаж буй эд хөрөнгүүд, ажилчдын амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад туслах барилгын талбайн аюулгүйн ажиллагааг хэрхэн хангах, эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар хүргэж байна.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Барилгын талбай дээр учирж болох эрсдэлүүд

Барилга байгууламж барих, засварлах, буулгах ажиллагаа нь хүний хүч хөдөлмөр ихээр шаарддаг, энэ үйл ажиллагааны явцад инженер, барилгачин, туслах ажилчид үйлдвэрлэлийн осолд өртөж гэмтэх, улмаар амь насаа алдах эрсдэл өндөр байдаг. Иймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгж, иргэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ямагт хангаж ажиллах нь чухал юм.

Аюулгүй ажиллагааны үндсэн нөхцлүүд:

Ажил олгогч нь ажиллах ажлын орчин, хөдөлмөрийн нөхцөл байдлаас хамаарч тухайн орчинд нийцсэн тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг батлагдсан стандартад нийцүүлэн ажилчдад ашиглуулна.

  • тусгай хувцас” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг;
  • ”нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;
  • “хамтын хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг ойлгоно.

 

Аюулгүй ажиллагааны тэмдгийн өнгө, тэдгээрийн хэрэглээ

Аюулгүй ажиллагааны тэмдгийг ажилтнуудын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй зам талбай, байгууламж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжинд байршуулж өгөх бөгөөд хүмүүсийн харааны түвшинд тохирсон байрлалд тод, харагдахуйц, ажилтнуудын анхаарлыг сарниулахааргүй, аюул үүсгэхээргүйгээр байршуулна.  Аюул бүхий ажлын түр хугацааны байр хэсэгт аюулгүй ажиллагааны ЗӨӨВРИЙН тэмдэг, дохиог байршуулж ажиллана.

  • Хориглох тэмдэг улаан өнгө/: Галын аюулгүйн санамж тэмдэг, машин тоноглолын ажиллагааг салгах, даралтын сүлжээний краны бариулын өнгө зэрэгт хэрэглэнэ.
  • Анхааруулах тэмдэг /шар өнгө/: Аюултай бүсийн хаалт хашилгыг будах, аюул учруулж болох үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хөдөлгөөнт эд анги, хортой аюултай бодистой савыг будахад хэрэглэнэ.
  • Дагаж мөрдүүлэх тэмдэг /хөх өнгө/: Ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж, хэвших, дагаж мөрдүүлэхэд хэрэглэнэ.
  • Заах тэмдэглэгээ /ногоон өнгө/: Ажлын талбайд орох гарах, тээврийн хэрэгслийн зогсоолын тэмдэг зэрэгт хэрэглэнэ.

Аюулгүй ажиллагааны тэмдэгтүүдийн хэлбэр, өнгө ба хэрэглэх журмыг улсын стандартаар тогтоосон байдаг. Тухайлбал, MNS 4643:1998  Хөдөлмөр хамгаалал, Аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө, MNS 5029:2011  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодисын бодисын шошго, анхааруулах тэмдэглэгээ зэргээс харж болно.

Бид дараа дараагийн нийтлэлээр хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцас, гуталыг хэрхэн хэрэглэх, барилгын талбай дээрх мөрдөгдөх дүрмүүд гэх мэт мэдээллүүд ээлж дараатай хүргэх болно.