Монгол Даатгал компани 2019 оны 12 сарын 16-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 372 тоот тогтоолын дагуу хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн билээ. Хувьцаа эзэмшигчдийнхээ анхны ээлжит хурлаа 2020 оны 04-р сарын 15-ны өдөр 15:00-15:45 цагийн хооронд цахим хэлбэрээр амжилттай явагдаж нийт хувьцаа эзэмшигчдийн 99.9% хувийн ирцтэй байлаа.

Хурлаар компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт, ТУЗ-ын шинэ гишүүдийг, мөн ТУЗ-ын хурлын төсвийг батлав. Хурлаар компанийн дүрмийг шинэчилж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах журмыг мөн батлав.

2019 онд Монгол Даатгал компанийн зах зээлд эзлэх хувь 17% байсан бөгөөд хураамжийн гүйцэтгэл 32.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны гүйцэтгэлээс 7.7%-иар өссөн байна. Түүнчлэн, орлогод тооцсон хураамж 9.6%-иар, эздийн өмч 12.1%-иар өсч, нийт хөрөнгө 43.3 тэрбум төгрөгт хүрч 16.6%-иар тус тус өссөн байна.

Нөхөн төлбөрийн хувьд 2019 онд 17.8 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгож ердийн даатгалын 15 компанийн олгосон нийт нөхөн төлбөрийн 28%-ийг дангаар эзэлж, Монголын даатгалын салбарт гарсан хамгийн том хохирлыг дэлхийн шилдэг давхар даатгагч болон брокерийн компаниудтай хамтарч амжилттай олгосон нь үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн эрсдэлийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэн байна. Улсын төсөвт татвар хураамжийн хэлбэрээр 1.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, компанийн ажилтны бүтээмж 12%-иар өссөн байна.

Хурлаар мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэж ердийн гишүүнээр Громов С.Б, ОгайН.Ю, Ч.Энх-Амгалан, Л.Таня, О.Эрдэнэбулган, Т.Баасанжав нарыг, харин хараат бусгишүүнээр О.Цогт, Ц.Оюунжаргал, Д.Отгонбат нарыг сонгов.

Компанийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр CHE кодтойгоор арилжагддаг бөгөөд 2020 оны 3 сарын 25-ны өдрийн хаалтын ханшаар нэгж хувьцааны үнэлгээ 1500 төгрөг байсан нь компанийн зах зээлийн үнэлгээг 96 тэрбум төгрөг болгосон байна.