Говьд аялах хамгийн тохиромжтой улирал бол намар юм. Энэ л үед говийн үзэсгэлэн илүү тодрон, хамгийн нарийн нандин мэдрэмжийг төрүүлэх болно. Тэгвэл говьд аялахдаа юуг анхаарах вэ?

Хувийн бэлтгэлд юуг анхаарах вэ?

Говийн бүсээр аялахдаа аль болох нимгэн, сэрүүхэн, цайвар өнгийн хувцас өмсөж, элс, шороо ордоггүй гутал сонгоорой. Мөн наранд халахаас сэргийлж нарны малгай, нарны тосыг мартаж болохгүй. Гэхдээ +30-+35   ийм их халуунд ч шөнөдөө +8-+10 хэм хүртэл буурч заримдаа гэнэтийн хүйтэн бороо, мөндөр ордгийг мартаж болохгүй. Тэгэхлээр танд өвлийнх шиг зузаан биш ч хөнгөн, их нимгэн биш, дулаан хувцас бас хэрэгтэй.

Мөн ууланд аялах бол уулын гутлаа аваарай. Уулын гутал чинь хөнгөн, түрий нь уртхан бол морь,тэмээгээр аялахад тань сайн тохирно.

Дээр дурдсанчлан 7,8 дугаар сар бол хамгийн халуун болдог сарууд бөгөөд хангай шиг нарны гэрлийг хаах мод, ургамал цөөн тул шингэн уух зүйлс сайн нөөцөлж явахыг зөвлөж байна.

Төөрөх эрсдэл өндөр тул газрын зураг, луужинг мартаж болохгүй

Говьд уул, толгодоор байгаа орчноо баримжаалах, зорьж буй газраа олоход төвөгтэй. Тиймээс Луужин, GPS гэх мэт зүг чигээ баримжаалах хэрэгслүүдтэй явах хэрэгтэй. Төөрөх эрсдэл өндөр тул шөнийн аялал хийхээс зайлсхийгээрэй.

Говийн элсэн дунд явахад машин жолоодох чадвар, туршлага их шаардагддаг. Тиймээс сайн жолоочтой байх. Мөн тээврийн хэрэгсэлдээ татлага, хүрз зэрэг хэрэгслийг авч явахад илүүдэхгүй.

Гэмтэж бэртэхээс болгоомжлох

Хэрмэн цав, цагаан суварга, ёлын ам гэх мэт газраар аялах гэж байгаа бол уулын гуталтай явахыг зөвлөе. Хад асга ихтэй газраар аялж буй аялагчид дунд унаж бэртэх, яс хугарах, ил шархнаас үүдсэн үрэвсэл зэрэг гэнэтийн осол их тохиолддог. Тиймээс аяллын цүнхэндээ эмийн сан, анхны тусламж үзүүлэх хэрэгсэлтэй явж, өөрсдөө анхны тусламжийн талаар мэдлэгтэй байхад илүүдэхгүй.

Говийн амьтад

Дэлхийн хэмжээнд нэн ховор, ховор зүйл болох хавтгай, мазаалай, хулан, тахь, Монгол бөхөн, хар сүүлтий зээр гэх амьтдын та говиос харж болно. Үүгээр ч зогсохгүй олон төрлийн шувуу, хортой, хоргүй шавжийг харах боломжтой.

Мөн  Монголын говийн аалзнууд, бамбай хоншоорт могой аюултайд тооцогддог. Говийн аалз нь Монголын өмнөд говь түгээмэл байх бөгөөд хурдан гүйж харайхаас гадна үсэрч чадна. Ууртай, догшин, бие биеэ барьж иддэг, бусад төрлийн аалзыг ч гэмтээн барьж чаддаг, ховдог идэштэй. Өөрөөсөө хор гаргадаггүй боловч хазах үед хошуун дээрх хоол тэжээлийн үлдэгдэл нь хүний арьсанд нэвтрэн орж бохирдол үүсгэн халдварлах аюултай. Өвчний нян тараагч бөгөөд махчин, шимэгч, ургамал тэжээлтэн хэмээн ангилагдана.

Бамбай хоншоорт могой нь Монгол орны Ховд, Архангай, Өмнөговь, Дорноговийн нутгаар элбэг тархацтай хортой могой. Ихэвчлэн хад асгатай газраар амьдарна. Хул шарга, хар хүрэн өнгөтэй бөгөөд говь цөлийн бүсэд цайвар, бор шарга зүстэйгээр тааралдах нь элбэг, биеийн зүс нь маш хувьсамтгай.

Говийн аялал бол адал явдал хайгчдад хамгийн тохиромжтой аялал билээ. Тийм учраас сонин содон зүйлсийг харж, мэдрэхээс гадна төөрөх, гэмтэх бэртэх эрсдэл өндөр. Гэхдээ та үүнээс айлгүй аялалдаа гараарай. Дотоод аяллын даатгал таны эрсдэлийн дараах санхүүгийн асуудлыг хариуцах болно.

Даатгуулахыг хүсвэл ЭНД дарна уу.

Гутлын мөрнөөс өөр мөргүй аялцгаая!