Анхны тусламж гэж аливаа өвчлөл, биеийн хямрал, гэнэтийн осол гэмтлийн үед эмч, эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй гарын доорх материал, боломжийг ашиглан өөртөө болон бусдад нэн тэргүүнд яаралтай туслалцаа үзүүлэхийг хэлдэг.

Аяллын үед замын нөхцөл байдал, үүрэн холбооны сүлжээ зэргээс хамааран анхны тусламжийн арга хэмжээг эмнэлэг, эмчээс түрүүлэн хийх шаардлага хамгийн их тулгардаг. Тиймээс аялалд гарахдаа анхны тусламжийн мэдлэгтэй байх нь чухал юм.

Ухаан алдсан тохиолдолд авах арга хэмжээ:

  1. Цээж төвхөлзөх хөдөлгөөнийг ажиглах, чихээ цээжинд нь нааж чагнах, хамрын үзүүрт нь хөвөн, утас, үс барих, гараа цээжин дээр нь тавьж тэмтрэх аргаар шалгаж болно. Хэрэв амьсгалахгүй, амьсгалын зам бөглөрсөн гэж үзвэл яаралтай түргэн тусламж дуудна. Энэ хугацаанд амьсгалын замыг чөлөөлөх зохиомол амьсгал, зүрхний иллэг хийж анхны тусламж үзүүлнэ,
  2. Гэмтсэн хүнээ дээш харуулж хэвтүүлж толгойг гэдийлгэн эрүүг өргөнө.
  3. Гарын эрхий, долоовор хуруугаараа хамрын үзүүрийг чимхэн духан дээр байрлуулж, нөгөө гараа эрүүгээс татаж эрүүг дээшлүүлэн амыг нь ангайлгана.
  4. Зохиомол амьсгалыг
    а. Амнаас аманд
    б. Амнаас хамарт
    в. Амнаас ам, хамарт нэг удаа 1,5-2 секунд орчим өгч цээжний хөдөлгөөнийг харна.
  5. Тусламж үзүүлэгч гэмтсэн хүний цээжийг ил гаргаж эхлээд өвчүүний дээд доод өнцгийг олно. Энэ 2 цэгээсээ өвчүүний гол уруу ижил хэмжээ зайнд орших цэг буюу өвчүүний голыг олно. Энэ цэгт нэг гарын алганы ирмэгийг байрлуулна. Нөгөө гараа дээр нь давхарлан байрлуулж атгана. 2 гараа нугалахгүй, босоо чиглэлээр, эгц доош, цээжийг 4-5 см хотолзтол дарна. 1 удаагийн даралтын дараа даралтын хүчийг бууруулж сулруулаад гараа цээжнээс салгахгүй дараагийн даралтыг үргэлжлүүлнэ.

Эмнэлгийн тусламж ирэхээс өмнө шаардлагатай үед хугацаа алдахгүйгээр анхны тусламж үзүүлэх аргачлалыг мэдсэнээр та хэн нэгний амь насыг аврах бүрэн боломжтой.

Усанд живсэн тохиолдолд:

  1. -Аврах баг-105, түргэн тусламж-103 дуудах
  2. -Усанд осолдогчийг орчноос хамааран  усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж  аврах
  3. -Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах
  4. -Усанд осолдогч ухаангүй  байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ  харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй 5 удаа хүчтэй дарж өгөх
  5. -Амьсгал, зүрх судсыг дэмжих /зүрхэнд массаж хийх буюу цээж шахалт 30 удаа, амнаас амруу 2 удаа амьсгал өгөх арга хэмжээг ээлжлэн хийх/

Могойд хатгуулсан үед

Зуны улиралд иргэд зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг тохиолддог. Могойд хатгуулсан тохиолдолд дараах арга хэмжээг аваарай.

  1. -Могойд хатгуулсан газрыг усаар үрэхгүйгээр урсгаж угаана /амаараа сорж болохгүй/
  2. -Хатгуулсан хэсгийг зүрхний төвшингээс дээш өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох
  3. -Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгээс дээш 5-10 см хүртэлх хэсгийг  чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр/
  4. -Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг/. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.

Үе мөчний хугарлын үед

  1. Ясны хугарлын дотор дээд, доод мөчний хугарал 65-70 хувь тохиолддог. Гэмтэл бэртлийн үед гэмтсэн мөч эрхтнийг хөдөлгөөнгүй байлган, цаашид тээвэрлэн эмнэлэгт хүргэх асуудал маш чухал юм.
  2. Гар, хөлийн яс хугарсан үед аль болохоор хөдөлгөөнгүй байхаар чиг тавьж боох хэрэгтэй. Ингэж хөдөлгөөнгүй боохдоо хугарсан хэсгийн дээд, доод хоёр үеийг оролцуулан боодог. Бэхэлгээ хийхийн өмнө чиг тавих зүйлээ хөвөн, бинт зэрэг зөөлөн материалаар бүрэх нь зөөлөн эд холгогдох, дарагдахаас хамгаалах ач холбогдолтой. Ясны төвгөр хэсэгт хөвөн, бинтээр жийрэг хийж өгөх хэрэгтэй. Ясны ил хугарлын үед ясны хэлтэрхийг буцааж хийх, татаж авахыг хориглоно.
  3. Өвчтөний хувцсыг тайлах шаардлагатай бол эрүүл гар, хөлөөс нь эхэлж тайлна. Хувцас өмсгөхдөө гэмтсэн мөчөөс нь эхлэх нь зүйтэй. Өвчтөнийг дамнуурга дээр хэвтүүлэх буюу босгохдоо гэмтсэн мөчийг хөндөхгүйгээр зөөнө.
  4. Дээд мөчний гэмтлийн үед гарыг сойж, хөдөлгөөнгүй болгохын тулд биетэй нь бэхэлж болно. Гарын шуу, бугалганы ясны хугарлын үед чигийг гадна ба дотор талаас нь тавина.
  5. Дунд чөмөгний хугарлын үед хоёр ширхэг нарийн банз ашиглана. Нэг банз нь суганаас тавхай хүртэл, нөгөө нь цавинаас тавхай хүрсэн урттай байна. Гарын доорх материалгүй үед эрүүл хөлийг гэмтсэн хөлтэй нь хэд хэдэн саваагаар бэхлэн боож болно.
  6. Шилбэны ясны хугарлын үед гадна ба дотор талд нь хоёр ширхэг банз бэхлэн, үе оролцуулан бооно.

Аяллын үеийн гэмтэл, бэртлийн дараах эм, эмчилгээний зардал багагүй санхүүгийн дарамт учруулдаг. Аяллын даатгалд хамрагдах нь уг санхүүгийн дарамтыг бууруулах хамгийн оновстой алхам билээ. Санхүүгийн түргэн тусламж бол даатгал юм.

Даатгуулахыг хүсвэл ЭНД дарна уу.