Урин дулаан цаг ирж хүмүүсийн зуслан руу нүүх хөдөлгөөн ихсэж байна. Та зусландаа гарахаас өмнө орон байрныхаа аюулгүй байдлыг бүрэн хангаарай.

  1. Шар өвсөө хадах эсвэл тармуураар хамах

Шар өвс шатаахыг хориглосон захирамж гарсан ч бидний санамсар болгоомжгүй хэнэггүй зангаас болж олон айл эд хөрөнгөөрөө хохирсоор л байгаа. Хэрвээ та зуслангийн хашаагаа эрүүл ногоон зүлэгтэй болгохыг хүсэж байгаа бол өвс хаддаг машин эсвэл тармуур ашиглаарай.

Мөн зуслангаас буухын өмнө, намар өвсөө хадах нь хавар хадснаас хамаагүй хялбар байх төдийгүй  дараа жил заавал хашаандаа цэвэрлэгээ хийх шаардлагагүйгээр эрүүл ногоон зүлэг ургадаг шүү.

  1. Цахилгааны утсаа шалгах

Цахилгааны доголдол нь олон төрлийн эрсдэлийг дагуулдаг. Баталгаагүй, эвдрэл гэмтэлтэй, ил задгай цахилгааны утас нь бороо орсны дараа масслах, оч үсрэх, төмөр зүйлст тог дамжуулах үүнээс үүдэн галын аюул төдийгүй хүн, амьтны амь насанд ч хохирол учируулж болно

Та зусландаа гарахаас өмнө байшин руу орж буй цахилгааны утасны бүрэн, бүтэн байдлыг шалгаж, газар болон байшингийн хана дагуу ил утаснууд явж байгаа эсэх, хэрвээ ийм ил утастай бол шалбархай болон тасарсан хэсэг байгаа эсэх талаар заавал шалгаарай.

  1. Цонхондоо аюулгүйн тор, хаалгандаа сайн түгжээ хийлгэх

Ихэнх зуслангийн байшин нэгдсэн харуул хамгаалалтын системгүй байдаг. Мөн ихэнх нь зуны 3 сар байрлаад үлдсэн хугацааг цоожтой өнгөрүүлдэг. Энэ нь хулгайн гол эрсдэлийг дагуулдаг билээ.

Зуслангийн байшиндаа заавал хэрэгжүүлэх аюулгүйн зөвлөмж бол цонхондоо сайн хамгаалалтын тор, баталгаатай хаалганы түгжээ болон хамгаалалтын дохиолол юм.

  1. Гэр доторх аюулгүй байдлыг шалгах

Буруу галлагаа, хийн түлшний /газ/ буруу хэрэглээ зэрэг нь эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг дагуулдаг. Онцгой байдлын албанаас үүрээр 5-7 цагт, өдрийн 11-17 цагийн хооронд галын дуудлага ихэсдэг бөгөөд энэ нь ихэнх нь буруу галлагаа, үнс, нурмаа ил задгай хаяснаас үүддэг гэсэн байна. Иймээс гэр доторх аюулгүй байдлаа бүрэн хангаарай.

  • Пийшин, зуухны аюулгүй байдал. /Яндан хангалттай өндөр эсэх, яндан болон пийшинд эвдрэл гэмтэл байгаа эсэх, галлагаатай үед утааны хаалт нээлттэй эсэх/
  • Хийн плитка ашигладаг бол асаах, унтраах үед газ алдагдах эсэх, гүйцэт салгаж унтраасан эсэх
  • Газраар явж буй цахилгааны утас, уртасгагч, залгуурны аюулгүй байдлыг хангах
  • Ус буцалгагч, будаа агшаагч, халуун сав гэх мэт халуун зүйлс хадгалах сав, тогоог хүүхдийн гар хүрэхгүй газар байршуулах
  • Үнс, нурмаа зориулалтын саванд хадгалах, гүйцэд унтрааж хөрсний дараа уутлаж савлах

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Хувийн сууцаа даатгуулсан уу?

Бид таны эд хөрөнгийг хамгийн бодит зах зээлийн үнэлгээнд суурилан нөхөн төлбөрийг тогтоох болно. Эд хөрөнгийн даатгалын талаар “ДААТГАЛЫН ЗӨВЛӨХ”-өөс дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.