Бизнесүүд аливаа эрсдэлээс болж үйл ажиллагаа нь доголдохгүй байхад, хүмүүс санхүүгийн хүндрэлээс болж амьдралын хэмнэлээ алдахгүй явахад 220 ажилтантай Монгол Даатгал компанийн хамт олон итгэл даан ажилладаг. Тэд энэ өдрүүдэд 85 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Монгол улсад даатгалын салбар үүссэн цагаас үйл ажиллагаагаа явуулсан тус компани цаг үе бүрт шинэчлэл авчирч, өнөөдөр дижитал шилжилтийг даатгалын салбарт амжилттай эхлүүлжээ. Энэ шинэчлэлт хэрэглэгч, харилцагч та бүхэнд ямар шинэ боломж олгож байгааг тодруулахаар тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Энх-Амгалантай ярилцлаа.

Монголд хамгийн олон буюу 250 мянга гаруй идэвхтэй харилцагчтай даатгалын компанийг та энэ 2019 оны эхээр удирдаж эхэлсэн билээ. Энэ жил танайбайгууллага харилцагчиддаа ямар дэвшил авчирсан он болж өнгөрч байна вэ?

Монгол даатгал компанийн удирдлагын баг энэ оны эхээр шинэчлэгдсэн. Би өөрөө даатгалын салбарт арав гаруй жил ажилласны дотор компанидаа Санхүүгийн газрын захирлаар сүүлийн 9 жил ажилласан. Багийн бусад гишүүд маань ч энэ салбарт багагүй хугацаанд ажилласан туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдэж байгаа. Энэ жил компанийн 85 жилийн ой тохиож байгаа бөгөөд бид харилцагчиддаа илүү үнэ цэнэ өгөхөөр чармайн ажиллаж байна. Сүүлийн хагас жилийн хугацаанд цахим даатгалд анхаарал хандуулж, шинэ үйлчилгээнүүд нэвтрүүллээ.

Та цахим даатгалын тухай ярьж байх шиг байна. Даатгалын үйлчилгээг цахимаар хүргэх ямар, ямар боломжуудыг та бүхэн хөгжүүлж байна вэ?

Манай компани хүртээмжтэй, харилцагчдын цаг хугацааг хэмнэсэн ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэхийг ямагт чухалчилж ирсэн. Өнөөгийн хэрэглэгчид ч шинэ технологи, ухаалаг үйлчилгээг илүү сонгох хүсэлтэй байгаа. Хүн бүрт хамгийн ойрхон суваг Фэйсбүүк мессенжерийг ашиглан бид чатботоор даатгалын үйлчилгээг хүргэхээр тодорхой төслүүдийг хэрэгжүүлж байна. Хэрэглэгч чатботоор даатгуулах, нөхөн төлбөрийнхөө явцыг шалгах зэрэг шинэ үйлчилгээ авах боломжтой боллоо. Он гармагц жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийг шуурхай шийдвэрлэх үүднээс хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцоолох зэрэг ажиллагааг технологи, хиймэл оюун ухаан ашигласан систем нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ шийдэл нь иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэхээс гадна замын түгжрэлийг бууруулахад хүртэл нөлөөлнө. Ирэх онд бид мөн хиймэл оюун ухаанд суурилсан хэрэглэгчийг зан төлөвөөр нь үнэлэх систем нэвтрүүлнэ. Улмаар тухайн хүнд тохирох даатгалын бүтээгдэхүүнийг бид санал болгоно гэсэн үг. Энэ төслүүд хэрэгжиж эхэлснээр иргэд даатгалын үйлчилгээг бүрэн утгаар нь цахим хэлбэрээр авах боломж бүрдэнэ.

Олон улсын эрүүл мэндийн даатгалыг хүмүүс их сонирхдог юм билээ. Энэ төрлийн даатгалд шинэ бүтээгдэхүүн танай байгууллагад гарах уу?

Эрүүл мэндийн даатгалын хувьд манай компани өмнө нь олон улсад эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой эмчилгээний зардлын даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгож байсан. Өнөөдрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд суурилан бүтээгдэхүүний төрлөө нэмэгдүүлж Монгол Улсад эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой дотоодын бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ санал болгохоор бэлдэж байна.

Албан байгууллагуудын хувьд Монголын олонх том компаниуд та бүхэнтэй хамтарч ажилладаг. Эрсдэл даах чадвар, давхар даатгалын нөхцөл зэрэг хүчин зүйлс даатгалын компанийн гол тодорхойлогч шүү дээ. Тиймээс та энэ төрлийн шинэ мэдээллээс ярихгүй юу.

Бидэнтэй 20 жил тасралтгүй хамтран ажилласан бизнесийн томоохон компаниуд олон бий. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж ирсэн түүхэн замнал маань тэдний итгэлийг хүлээсэн гол хүчин зүйл гэж бид үздэг бөгөөд энэ итгэлийг цаашид ч дааж ажиллах нь манай хамт олны эрхэм зорилго гэж хэлж болно. Нөөцийн сангаас маань давсан, дангаараа хүлээж чадахгүй эрсдэлийг дэлхийд А+ үнэлгээтэй давхар даатгалд даатгуулдаг. Үүнд ихэвчлэн өндөр үнэлгээтэй эд хөрөнгө, агаарын хөлөг, нефтийн бүтээгдэхүүн, байгууллагын хариуцлага, олон улсын ачаа тээвэр гэх зэрэг зүйлс хамрагддаг.

Монгол даатгал компани гэрээний үүргээ биелүүлэх, өөрсдийн эрсдэлийг бууруулахын тулд зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компаниудтай давхар даатгалын гэрээтэй ажиллаж байна. Ийм ч учраас Монголын бүх л томоохон бизнесийн болон төрийн байгууллагууд бидэнтэй хамтарч ажилладаг.

Бизнесийн ёс зүйн үүднээс том мөнгөн дүнтэй хохирлын тухай даатгалын байгууллагууд тэр бүр ярьдаггүй байх. Тэхдээ Монголд сүүлийн 3-4 жилийн хугацаанд нэлээн том эрсдэлүүд гарсан. Та бүхэн нийт мөнгөн дүнгээрээ хэчнээн хэмжээний нөхөн төлбөр олгож ажиллаж байна вэ?

Манайх жилдээ 17 мянган тохиолдолд 10 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгодог. Энэ 2019 оны хувьд 17 тэрбум төгрөг нөхөн төлбөр олгосон байна. Манай компанийн олгосон том мөнгөн дүнтэй эрсдэлийн хамгийн ойрын жишээ гэвэл, Говь ХК-ийн байранд гарсан гал түймрийн хохирлыг бид шуурхай барагдуулсан. Үүний үр дүнд тус үйлдвэр маш богино хугацаан үйл ажиллагаагаа сэргээж чадсан. МИАТ компанид учирсан томоохон хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд шуурхай шийдвэрлэсэн. Өнгөрсөн 6-р сард И-март их дэлгүүрт гал түймрийн улмаас гарсан хохирлыг барагдуулах асуудалд бид зохион байгуулалттай шуурхай ажиллаж чадсан.

Дээрх нөхөн төлбөрүүдийн хэдэн хувьд давхар даатгалыг ашигласан бол?

Манай нөөцийн сан одоогийн байдлаар улсдаа тэргүүлж, 28 тэрбум төгрөгт хүрсэн. Бид давхар даатгалын бодлогоо зөв тодорхойлж чадсаны үр дүнд дээрх хохирлын дийлэнхийг давхар даатгалаар нөхөн төлсөн.

Компаниуд даатгуулах компаниа сонгохдоо компаниас гадна давхар даатгагчийг нь судлах хэрэгтэй юм байна зөв үү.

Тийм ээ. Одоо даатгал үнэхээр амин чухал асуудал гэдгийг компаниуд ойлгодог болсон. Компаниуд даатгуулах компаниа сонгохдоо илүү нухацтай ханддаг болсон. Асуудал тулгарахад тухайн даатгалын компани шийдвэрлэж чадах уу? Давхар даатгагдсан уу? Давхар даатгагчид нь ямар компаниуд вэ? Том хэмжээний нөхөн төлбөрийг шийдвэрлэж байсан туршлагатай юу? Гээд олон талаас нь харж байж шийддэг болсон байна.

Та “2019 оны бизнесийн салбарын шилдэг санхүүч”-ээр шалгарсан байсан танд баяр хүргэе. Та мэргэжлийн санхүүч хүний хувьд монголын даатгалын салбарын хөгжилд ямар үнэлгээ өгөх вэ?

Баярлалаа. Энэ шагнал минийх гэхээс илүүтэй, 85 жилийн түүхтэй том компанийн амжилт гэж харж байгаа. Бидний найдвартай үйл ажиллагаа, илүү шинэлэг байдлаар хэрэглэгчдэд хүргэж буй шинэ бүтээгдэхүүн гаргасан, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудыг үнэлсэн болов уу.

Даатгалын салбарын хөгжлийн түвшин шаардлагатай түвшинд хүрч чадаагүй байна. Иймээс хийх зүйл их бий. Монголд даатгалын нэвтрэлт 0.55 хувьтай байгаа бол энэ тоо зарим оронд 20 хувьд хүрдэг ба дунджаар 6.3 хувь байдаг. Монголчууд бид амьдралд тохиолддог олон эрсдэлийг даатгалд хамрагдсанаар шийдвэрлэх боломжтой. Гэтэл энэ талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг мэдээлэл тааруу байгаа. Иймээс миний хувьд олон нийтийн даатгалын боловсролыг сайжруулах, даатгалын ач тусыг тайлбарлан сурталчлах чиглэлээр олон зүйл хийх төлөвлөгөөтэй байгаа.

Тэгвэл даатгалын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хийх хэрэгтэй эхний гурван алхам юу байх вэ?

Олон нийтийн дунд “Даатгал бол хүнээс зүгээр мөнгө авдаг, буцаад юу ч өгдөггүй” гэх буруу ойлголт байдгийг залруулахыг бид эрмэлздэг. Манай компани хангалттай хэмжээний нөхөн төлбөрийг олгож, учирсан эрсдэлийг нөхөж ажиллаж байгаа. Баримтад тулгуурласан бодит мэдээллийг тухай бүр хүмүүст хүргэдэг байх нь чухал. Нөгөө талаар даатгалын бүтээгдэхүүн бүр тодорхой эрсдэлээс хамгаалдаг бөгөөд маш олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Тиймээс учирч болох эрсдэл бүхнээс хамгаалах боломж байгааг иргэдэд ойлгуулах чиглэлээр бүх даатгагчид болон зохицуулах байгууллагууд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэж би боддог. Мэдээж даатгуулахдаа даатгалын компаниудаас юуг нь илүү харж, сонгох вэ гэдэг чухал. Даатгуулагчдад “Найдвартай нөхөн төлбөр олгодог даатгагч”-ийг сонгоход шаардагдах наад захын хэрэгцээт мэдээллийг нээлттэй хүргэдэг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Энэ тал дээр манай компани харьцангуй давуу талтай. Бид бүх аймаг, хот суурин газруудыг хамарсан салбар төлөөлөгчийн газартай бөгөөд 220 гаруй ажилтан 700 орчим төлөөлөгчөөрөө дамжуулан та бүхэнд шуурхай хүртээмжтэй үйлчилж байна.

Нийгэмд ээлтэй бизнесийн зарчмыг танай байгууллага олон хэлбэрээр үйл ажиллагаандаа шингээсэн байдаг. Энэ жилийн хувьд ямар ажлууд хийгдсэн бэ?

Энэ жил санхүү, эдийн засгийн чиглэлийн их, дээд сургууль, коллежуудын оюутнуудын дунд зохион байгуулсан “Даатгалын зах зээлийн хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг СЭЗДС-тай хамтран зохион байгуулж, оюутан залуустаа хөрөнгө оруулахаас гадна хамгийн ойрын жишээ гэхэд өчигдөр манай компанийн бүх ажилтнууд “Цусны төв”-д очиж цусаа хандивлалаа. Зөвхөн Улаанбаатар гэхгүй орон нутгийн салбарын ажилчид тухайн газраа мөн хамрагдсан. Саяхан болсон “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” наадамд амжилттай оролцсон нэг хүнд манай хамт олонтой хамтарч ажиллах ажлын санал тавьсан. Мөн “Дураараа биш ээ, дүрмээрээ” аяны хүрээнд осол аваарыг бууруулах чиглэлээр ЦЕГ-тай хамтарч нэлээдгүй ажил хийсэн. Яг өнөөдөр гэхэд осол аваар их гардаг хар цэгээр тодорхойлогдсон гурван сургуулийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарласан. Улмаар хүүхдийн нүдээр эрсдэл яаж харагдаж байна вэ гэдгийг харж, үүнийг бид яаж шийдэж болох вэ гэдгийг энэ уралдааны явцаас харах боломжтой.

Энэ өдрүүдэд 21 аймагт байгаа танай компанийн бүх ажилтан Улаанбаатар хотод чуулна. Та ер нь багийнхаа гишүүдээс ямар ур чадварыг илүү их хүсдэг вэ? Мөн эргээд тэдэнд ямар үнэ цэнэ бий болгохыг эрмэлздэг вэ?

Манай компани тухайн аймаг орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн чадварлаг боловсон хүчнийг сонгон шалгаруулж аваад хийснээр нь урамшуулах буюу хэн илүү хийж бүтээсэн нь илүү хүртэх зарчмыг баримталдаг. Хамт олон маань ажилдаа дуртай, сэтгэл ханамжтайгаар багаар ажиллах чадвартай сайхан хүмүүс. Найрсаг, бие, биенийгээ дэмждэг учраас компанийн эд эс болсон хүн бүр хэдий хоорондоо орон зайн хувьд алслагдсан байдаг ч нэг гэр бүлийн гишүүд шиг ойлголцож хамтарч ажиллаж чаддаг.

Жил бүр зохион байгуулдаг нэгдсэн арга хэмжээгээр бид туршлага солилцож, ажилтнуудаа шинэ мэдлэг, мэдээллээр цэнэглэдэг. Түүнчлэн тухайн жилийн ололт амжилтыг дүгнэж, ирэх жилийнхээ зорилго зорилтыг тодорхойлдог. Энэ жил 85 жилийн ойн баяр маань тохиож байгаагаараа онцлогтой. Тийм болохоор бүх ажилтан албан хаагчиддаа баярын мэнд хүргэе. Мөн энэ салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа бусад компанийн ажилтнуудад ч бас Монголд даатгалын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өдий хүртэл бидэнд итгэж, хамт хөгжсөн бүх харилцагч, даатгуулагчиддаа бас баярын мэнд хүргэе.

Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

Ярилцсан Ж.Чинбат