Иргэний агаарын хөлгийн их биеийн даатгал

Даатгалын зүйл

Иргэний агаарын тээврийн олон улсын болон дотоодын агаарын шугамд нислэг үйлддэг агаарын хөлөг, нисдэг тэрэгний их бие, уг агаарын тээврийн компанид хадгалагдаж буй сэлбэг, хэрэгсэл.

Даатгалын эрсдэл

  1. Агаарт болон газарт тохиолдож болох бүх төрлийн байгалийн эрсдэл;
  2. Тэсрэлт дэлбэрэлт, гал түймрийн эрсдэл;
  3. Элдэв биеттэй мөргөлдөх эрсдэл;
  4. Агаарын хөлөг сураггүй алга болох эрсдэл;
  5. Дайны эрсдэл.

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээ, хариуцлагын хязгаар доорх хэмжээтэй байна.

  1. Агаарын хөлгийн их биеийн үнэлгээг уг агаарын хөлгийн маяг, хөөрөлтийн хүндийн жин, наснаас хамааруулан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
  2. Түрээсээр эзэмшиж байгаа агаарын хөлгийн хувьд түрээсийн гэрээнд заасан үнэлгээгээр даатгуулна.

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийн хэмжээг олон улсын давхар даатгалын зах зээлийн тухайн үеийн чиг хандлагыг үндэслэн тогтооно.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  4. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  5. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
  6. Шаардлагатай гэж үзсэн бусад баримт, материал.

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.
  4. Даатгалын зүйл бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг бодит үнээр олгосон тохиолдолд тухайн сүйрсэн даатгалын зүйлийн өмчлөх эрхийг даатгагчид шилжүүлнэ.
  5. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон энэхүү гэрээний 1-т заасан нөхөн төлбөрийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  6. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  7. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 6 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  8. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  9. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
  10. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  11. Даатгагч нь шаардлагатай тохиолдолд хохирлын хэмжээ, шалтгааныг тогтоох олон улсын экспертээр үнэлгээ хийлгэж болно.
  12. Их биед учирсан хохирлыг олон улсын экспертийн дүгнэлт холбогдох бусад баримтуудыг үндэслэн учирсан хохирлын хэмжээгээр үнэлгээнд багтаан нөхөн төлнө.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  8. Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
  9. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдэн гарсан аливаа хохирол;
  10. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  11. Дайны эрсдэлээс даатгуулаагүй бол байлдааны зэвсэг хэрэглэх эсхүл атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  12. Дайны эрсдэлээс даатгуулаагүй бол дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  13. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  14. Даатгуулагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол;
  15. Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар даатгагчид 30 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол;
  16. Агаарын хөлөг, нисдэг тэрэгний их биеийн болон эд ангийн эдэлгээтэй холбогдож гарсан элэгдэл, хорогдол, механик эвдрэл, үйлдвэрлэлийн буруугаас болж учирсан хохирол;
  17. Агаарын хөлгийг улс төрийн болон бусад зорилгоор ашиглах, мөн аливаа хорлон сүйтгэх зорилгоор санаатай зохион байгуулсан хэргээс үүдсэн хохирол;
  18. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;
  19. Хууль тогтоомж болон даатгалын нөхцөлд заасан бусад тохиолдол