mn en kr

Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хамгийн өргөн хүрээнд нутагшуулсан

2019-11-22 06:51:02

Даатгалын бүтээгдэхүүн, хөгжүүлэлт өнөөдөр цахим түвшинд хөгжиж харилцагчид цахимаар даатгуулж, фэйсбүүк мессенжэрээрээ хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг авч байна.

2015 онд Тээврийн хэрэгслийн даатгалын туршилтын ажлыг “Монгол Даатгал” ХХК Лондонгийн эдийн засгийн сургуулийн судлаачтай хамтран гүйцэтгэсэн нь өнөөдрийг хүртэл даатгуулагчдын сэтгэл ханамжийг сайн түвшин хадгалсаар байна. Олон улсын жишигт хүрсэн тус компанийн бүтээгдэхүүн, хөгжүүлэлтийн талаар “Монгол Даатгал” ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн Ахлах менежер О.Хүрэлчулуунтай ярилаа.

Даатгалын бүтээгдэхүүнийг олон хууль, дүрэм, журамд нийцүүлж гаргадаг. Иймээс энэ төрлийн бүтээгдэхүүн хэрхэн төрдөг талаар яриагаа эхлүүлэе?

Аливаа бүтээгдэхүүн бий болоход үндсэн хэдэн үе шатыг дамждаг. Өөрөөр хэлбэл, даатгалын бүтээгдэхүүн нь бусад бүтээгдэхүүний адил агуулга тодорхойлох, дизайн боловсруулах, борлуулалт, мониторингийн үе шатуудыг дамжиж зах зээлд гарч байна. “Монгол Даатгал” ХХК-ийн хувьд харилцагчийн эрэлт хэрэгцээг нь олж илрүүлж тодорхойлсны дараа холбогдох хууль, эрх зүй, журам, компанийн бодлого, даатгалын онол, зарчимд нийцэх эсэхийг судалж боловсруулсны эцэст бүтээгдэхүүн, хөгжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэнэ. Шинэ бүтээгдэхүүний хувьд боловсруулж дуусмагц зах зээлд нийлүүлэхээс өмнө Санхүүгийн Зохицуулах Хороонд өгч бүртгүүлж, баталгаажуулна. Ингээд бид бүтээгдэхүүнээ борлуулалтад гарсны дараа ч санал хүсэлт, бусад тандах судалгаа буюу мониторингийг тодорхой хугацаанд хийснээр харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг гаргадаг юм. Сонирхуулахад, даатгалын онол, зарчмыг барих нь цаашлаад дэлхийн даатгалын зах зээлд давхар даатгуулахад чухал ач холбогдолтой байдаг.

Таны хувьд “Монгол Даатгал” ХХК-нд даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэст 2010 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацааны Монгол улсын даатгалын бүтээгдэхүүний хөгжлийн талаар ярьвал?

Даатгалын зах зээлд өнгөрсөн хугацаанд цөөнгүй компани орж ирж шинэ бүтээгдэхүүн, технологийн дэвшил, олон улсын стандартуудыг нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдсэн байна. Хэдхэн жилийн өмнө “Монгол Даатгал” компани салбарын өнгийг тодорхойлдог байсан бол өнөөдөр бусад компаниудаас шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг гаргаж байна. Миний хувьд манай компани харилцагчиддаа орон даяар тархсан даатгалын хамгийн өргөн сүлжээ, мэргэшсэн, туршлагатай баг хамт олон, фэйсбүүк, вэб сайт, аппликейшнийг багтаасан цахим даатгалын үйлчилгээг санал болгож байгааг хэлэхийг хүсч байна.

“Монгол Даатгал” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь олон улсын ISO стандартаар явагддаг. Энэ талаар ярина уу?

2017 онд манай компани олон улсын ISO9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлэн батламж авсан бөгөөд бид уг стандартыг хамгийн өргөн хүрээнд нутагшуулснаараа онцлог байдаг. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хувьд стандартыг нэвтрүүлэхдээ шинэ санааг цуглуулахаас эхлэн судалгаа шинжилгээ, боловсруулалт, баталгаажуулалт, борлуулалт, мониторинг зэрэг бүхий л процессуудыг дараалал, хариуцах эзэн, гүйцэтгэх хоног хугацаатай нь тодорхойлсон нь тухайн бүтээгдэхүүнийг чанар болон зардлын алдагдалгүй, өөрөөр хэлбэл, эрсдэлгүй боловсруулж буй хэрэг юм.Товчхон хэлвэл, “Монгол Даатгал” компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл ажиллагаагаа дэлхийн түвшинд хүрсэн гэж хэлж болно.


Шинэ бүтээгдэхүүн, хөгжүүлэлтийн эрэлт, хэрэгцээ ихэвчлэн хаанаас гарч ирдэг вэ?

Бидний тодорхойлсноор гадаад болон дотоод эх үүсвэрүүдээс санал санаачлагуудаа авч, тодорхой давтамжтайгаар харилцагчийн цогц судалгааг хийдэг байгаа. Энэхүү судалгааны үр дүн болон хоорондын уялдаа хамаарлыг ажиглах замаар харилцагчийн хүсэл шаардлага, хэрэгцээг тодорхойлдог юм. Бид саналуудыг цуглуулах, үнэлэх зэрэг асуудлыг бүгдийг цахимаар шийдсэн нь хэн ч, хэзээ ч, хаанаас ч өөрийн саналаа хүргүүлэх боломжийг бүрдүүлснээр байгууллагын хувьд шинэ санааг алдахгүй барьж авах давуу талыг бий болгосон.

Та бүхэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа, туршилтыг хэрхэн хийдэг вэ?

Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх гэж байна уу, эсвэл одоо байгаа бүтээгдэхүүнээ сайжруулах гэж байна уу гэдгээс хамаараад судалгаануудын цар хүрээ, зорилго чиглэл нь өөр өөр байна. Жишээ нь, бид автомашины даатгалын бүтээгдэхүүнийг шинэчлэх ажлын хүрээнд нөхөн төлбөр авсан болон аваагүй даатгуулагчдийн сэтгэл ханамж, ойлголтын зөрүү, төвшинг тогтоосноор эргээд үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг, мөн сайн харилцагчийн олонлогийг бүрдүүлэхэд ямар нөлөө үзүүлдэг зэргийг тогтоож байлаа. Харин бүтээгдэхүүний туршилтын хувьд дунджаар хоёр жилийн хугацаа ордог. Өөрөөр хэлбэл, шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарахад түүний харилцагчтай хийсэн гэрээний хугацаа нэг жилийн дараа дуусна гэж үзвэл нөхөн төлбөр олголт нь жилээр үргэлжлэх бөгөөд энэ бүх процест улирлын нөлөө байгаа эсэхийг тооцвол ийм хугацаа болж байгаа юм. Энэ урт хугацааны туршилт нь даатгалын бүтээгдэхүүний нэг онцлог юм. Үүн дээр жишээ хэлвэл, манай компани 2015 онд Тээврийн хэрэгслийн даатгалын туршилтын ажлыг Лондонгийн эдийн засгийн сургуулийн судлаачтай хамтран гүйцэтгэсэн байдаг. Уг бүтээгдэхүүн өнөөдрийг хүртэл даатгуулагчдын сэтгэл ханамжийг сайн түвшинд хадгалсаар байгааг хэлэхэд таатай байна.

Шинэ бүтээгдэхүүн гаргахад ер нь хичнээн хууль, дүрэм, журамд нийцүүлдэг вэ?

Даатгал өөрөө зохицуулалт өндөртэй зах зээл юм. Багцаалбал, үндсэн дөрвөн хууль, 30 гаруй дүрэм, журамд захирагддаг. Нэг талаас хөгжиж буй салбарын хувьд хэт их зохицуулалттай байж болох ч нөгөө талаас даатгал нь олон хүний мөнгийг хуримтлуулах улмаар түүн дээр удирдлагын үйл ажиллагаа явагддаг институт тул тэрхүү олон мянган даатгуулагч нарын дундын сангийн эрсдэлгүй байдалд төрөөс анхаарал хандуулж буй сайн хэрэг. Хууль эрх зүйн баримт бичгүүдэд бүтээгдэхүүнд шаардлагатай мэдээллүүдийн тухай заасан байдаг бол заримд нь зохицуулалтыг нарийн заасан байдаг. Жишээлбэл, автомашины даатгалд “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нөхөн төлбөр олгохгүй” гэж бүтээгдэхүүндээ тусгаж болохгүй гэсэн байдаг бол хурдан морь унаач хүүхдийн даатгалд хамаарах эрсдэлүүдийг шууд зааж өгсөн байх жишээтэй. Энэ дашрамд, харилцагчиддаа зөвлөхөд даатгуулж буй компанийхаа даатгалын гэрээг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь албан ёсны бүртгэл зөвшөөрөлгүй гэрээгээр даатгуулна гэдэг нь эргээд хамгаалалт болоход эргэлзээтэй юм шүү.

Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ